06 сарын 07, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

2025 ОНД ХЭРЭГЖИХ ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь 2024 оны эрх зүйн томоохон шинэчлэл болсон. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр баталсан юм. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна.

СУМ ХОРОО БҮРТ ХҮҮХДИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛАНА 

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, хүүхдүүд гэр бүлийн орчиндоо илүүтэй хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байдаг.

Тиймээс энэ жилээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг концепцоор ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх болон сургалт нөлөөллийн ажилд анхаарч ажиллана гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-аас мэдээлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Тэгвэл энэ оноос эхлэн хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болохоор болсон. Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрт ажиллахаар тусгасан.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨНД 221 ТЭРБУМ, ХҮҮХДИЙН МӨНГӨНД 1.6 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн.

Тодруулбал, 2024 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болно хэмээн үзэж буй.

Түүнчлэн 2025 онд хүүхдийн мөнгөнд 1.6 их наядыг зарцуулахаар тусгасан аж

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖИХ ТӨВИЙГ БАЙГУУЛНА

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 12.700 хүүхэд байгаагийн 3.000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Тэгвэл 2025 оноос эхлэн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх дэмжих төвүүдийг байгуулахаар улсын төсөвт тусгажээ.

Эх сурвалж:news.mn

 

Share: