12 сарын 14, 2025

Тавтай морилно уу. "GtiMe.mn | Житайм - Гайхалтай цаг хугацааг хамтдаа"

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Холбоо барих

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” тохиож буйтай холбогдуулан энэ жилийн олон улсын өдрийг “Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье” уриан дор аймгийн хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. 

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг аймгийн хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл оролцон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж, Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулаа.

Манай аймаг 2016 оноос хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгаалал” хөтөлбөрийг 9 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ онд уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон нийтэд чиглэсэн ур чадвар хөгжүүлэх сургалт, сэргээн засах үйлчилгээ, нийгмийн дэмжлэг, явуулын багийн цогц үйлчилгээ зэрэг 20 гаруй үйл ажиллагаагаар 7 мянга орчим иргэнийг хамруулаад байна.

Мөн 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт 28 иргэн хамрагдаж 200 сая төгрөгийн дэмжлэг авч, жижиг, дунд бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгаа юм.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 5 чиглэлд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломж олгож, төрийн байгууллага, сургууль, олон нийтийн гудамж, талбайн саадгүй орчныг нэмэгдүүлэх ажлууд үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.

Өнгөрсөн  2024 онд ашиглалтад орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хүүхэд болон насанд хүрэгчдэд сэргээн засах цогц үйлчилгээ үзүүлэх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулсны үр дүнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үйлчилгээг ойртуулах, тусгай хэрэгслийн хүртээмжийг сайжруулах зэрэг ахиц гарч байгаа бөгөөд ирэх 2026 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг сайжруулах” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, санхүүжилтийг 50 сая төгрөгөөс 80 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн төсвийн төслийг батлуулахаар ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцууллаа. 

Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Б.Арсланбаатар-ыг шагнаж, “Оны бүтээлч иргэн”, “Оны бүтээлч хүүхэд”-ээр шалгарсан иргэдэд шагнал гардуулахын зэрэгцээ Турины тусгай олимпийн өвлийн наадмаас хос хүрэл медаль хүртсэн тамирчин М.Амарболд, “Монгол Абилимп-2025” улсын уралдааны гран при шагналт П.Ариунтуяа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төвд шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж хандивласан Төрийн банк, Лайк Трэвэл, Дезерэт ОУБ зэрэг байгууллагуудад талархал гардууллаа.

Арга хэмжээний хүрээнд “Өв тээгч” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн, иргэд олон нийтэд тэдний авьяас чадвар, ур ухаан, уран бүтээлийг танилцуулсан юм.

Share: